Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн цахим хуудас ажиллаж эхэллээ.

Мэндчилгээ

Сум дундын 3-р шүүхийн ерөнхий шүүгч

Мэдээлэлийн технологийн хөгжлийн эрин үед шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд улам нээлттэй, ил тод байлгах, “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” эрхзүйн соёлын аяны  “Шинэ шүүх” уриан дор ил тод нээлттэй шүүх зорилтын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн веб сайтыг бэлтгэж, тус шүүхийн 15 жилийн ойн энэ өдөр та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг та энэхүү цахим хуудаснаас авч болохоос гадна санал хүсэлтээ бидэнд ирүүлж, хамтран ажиллах боломжтой болно. Эрхэм хэрэглэгч та бүхэн манай веб сайтад тавтай морилно уу.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн товч танилцуулга

2010 оны 10 дугаар

сарын 10-ны өдөр Хөтөл

“Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ Монгол улсын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар “Шүүх байгуулах тухай”  1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 17-ийн 1 дэх заалтыг нэмж Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийг байгуулж Сэлэнгэ аймгийн баруун сумууд болох Сайхан, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Сант сумуудыг харьяалан  ажиллуулахаар болсон.

Тус шүүх 1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөтөл хотод  төвлөрөн шүүн таслах ажиллагаа явуулсан ба сум дундын шүүх 1997 оны 6 дугаар сарын 1-нээс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээс хойш анхны Ерөнхий шүүгчээр Д.Оюундарь ажиллаж, шүүгч Л.Оюунцэцэг, Д.Буянжаргал, Б.Одонцэцэг, нарийн бичгийн дарга Л.Цогтгэрэл, бичээч Б.Энхжаргал, үйлчлэгч зарлага Д.Чанцалням, жижүүр Ч.Чойжилсүрэн, Д.Мөнхтөр, Л.Долгорбаатар гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан Монгол улсын хэмжээн дахь отгон шүүхүүдийн нэг юм.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүх нь анх Хөтөл тосгоны 40-р байрны нэг давхарт 7 өрөө байранд  үйл ажиллагаагаа эхлэн явуулж байгаад 1998 оны 09 сараас 2006 оны 04 сар хүртэл хуучин бараанкийн ногоон байрыг авч өөрийн байртай  болж шүүх байртай болсноор шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах ажиллах нөхцөлөөр хангагдсан ба 2006 оны 04 сараас өнөөдрийг хүртэл 2 давхар шинэ байртай болж бидний ажиллах нөхцөл, орчин улам сайжирч байна.

Өнөөдөр тус шүүх нь

1. Ерөнхий шүүгч: Б.Одонцэцэг

2. Шүүгч: Г.Сарантуяа, Ш.Оюунтуул, Г.Давааринчин
3. Тамгын албаны дарга Д.Наранцэцэг

4. Шүүгчийн туслах: С.Отгонтуяа, Г.Батбаяр, Б.Азжаргал, Б.Цэнгүүн

5. Мэдээлэл лавлагааны ажилтан: Л.Чулуунжав
6. нягтлан бодогч: Д.Алтангэрэл
7. Бичиг хүргэгч: М.Ариунаа
8. Үйлчлэгч: С.Дуламсүрэн
9. Жолооч: А.Баяржаргал

10. Сантехникч: Б.Батбаяр
11. Жижүүр:Б.Амартүвшин, Б.Нямдаваа гэсэн бүгд 18 хүний орон

тоотойгоор  шүүн таслах үүргийг орон нутагт гүйцэтгэж байна. Боловсролын хувьд дээд боловсролтой 12, магистр 2 байна. Үүнд: эрх зүйч 9, нябо-эдийн засагч 2, тусгай дунд боловсролтой 5, бүрэн бус дунд боловсролтой 1 хүн байгаа ба бүх ажилтны 65 хувь нь дээд боловсролтой ба шүүн таслах ажиллагааг 2-30 жил шүүгчээр ажиллаж буй дадлага туршлгатай болон залуу шүүгчид, шүүгчийн туслахууд явуулдаг.

Манай шүүх нь одоо 20000 хүн амтай, 9352 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 5 сум, 14 баг, нэг хот, нэг тосгоныг харьяалан ажиллаж байна. Шүүхийн нэг шүүгч дунджаар 5000 хүн амд үйлчилж байна.

Шүүхийн төвлөрөн ажилладаг Хөтөл хотоос харьяалан ажилдаг орон нутгийн сумын төв хамгийн алслагдсан нь Орхонтуул сум / 90 км/, хамгийн ойрхон нь Орхон сум / 18 км / зайтай байна.

Тус шүүх өнөөдрийн байдлаар жилд дунджаар эрүүгийн 122 хэрэг, иргэний 500 хэрэг, захиргааны зөрчил 90-ийг хянан шийдвэрлэж, 80 хүнд байцаан шийтгэх албадлагын арга хэмжээ батламжилж шүүн таслах үүргийг орон нутагт хэвийн гүйцэтгэж байна.

Шүүх нь шүүн таслах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр сонгогчдын нэрсийн жагсаалтаас тодорхой шалгуур хангасан хүмүүсийг шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгон батлуулж оролцуулдаг эдгээрээс Сайхан сумын 1-р багийн иргэн Г.Хандсүрэн, Д.Дашдулам, Б.Дашдулам,  2-р багийн иргэн Т.Цогтбаяр, Б.Энхбат нар бусдаасаа илүү идэвхи зүтгэл гарган шүүхийн ажлыг дэмжиж оролцож ирлээ.

Тус шүүхийн нэг шүүгч жилдээ дунджаар 218 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, хөдөө орон нутагт 7- 21  хоног томилолтоор ажиллан шүүхээс  20-180 км алс явж шүүн таслах үүргийг гүйцэтгэдэг. Шүүх нь шүүн таслах ажлын авто машин нэгтэй. 2003 онд ШЭМШХ-ийн төслөөр компьютер, тоног төхөөрөмж суурилагдсан, одоо 11 компьютер ашиглаж байна.

Монголын шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, аливаа хэрэг маргааныг  хуулийн дагуу шударга шийдвэрлэж, шүүхийн ажил үйлчилгээг олон түмэнд нээлттэй, хүртээмжтэй байлгахын төлөө тус шүүхийн хамт  олон ажиллах болно.